УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

ITB2015 үзэсгэлэнгийн ачааг ХБНГУ-ын Берлин хотруу үнэгүй тээвэрлэлээ.


Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо  3 дугаар сарын 2-11-ний өдрүүдэд олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Жил бүр зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа түнш орноор оролцож байгаа бөгөөд “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж, Монголын үндэсний урлагийн тоглолт, өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн, үзүүлэн гарч байгаа билээ. 

190 орчим улс орны аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн оролцдог энэхүү олон улсын томоохон “ITB Berlin 2015” үзэсгэлэнд оролцсоноор Монгол улсад зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, мөн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх боломж нээгдэх юм.

Монгол улсаа дэлхийн тавцанд сурталчлах энэхүү эрхэм үйл хэрэгт УБТЗ-ын Олон Улсын Тээвэр Зуучлалын төв нь 40 футын чингэлэг бүхий үзэсгэлэнгийн зохион байгуулалтанд шаардлагатай эд хогшил, сурталчилгааны бүхий л материалыг Улаанбаатараас ХБНГУ-ын Берлин хотруу цаг хугацаанд нь үнэ төлбөргүй тээвэрлэн өгч хувь нэмрээ оруулан нэгэн үзүүрт сэтгэлээр туслан дэмжсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн оролцогчдод амжилт хүсье!