УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭВ


 
Өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой Москва хотноо ажил хэргийн уулзалт хийж, Зам тээврийн салбарт хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар сайдын ажлын багт явсан ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяраас тодруулахад:
 
-Сайд нарын ажлын уулзалтаар төмөр замын дамжин өнгөрөх транзит тээврийг дэмжин ажиллах, ОХУ-ын төмөр замаар дамжин БНСУ-ын Ражин усан боомтод уул уурхайн бүтээгдэхүүнийг хүргэх асуудлууд яригдсан. Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын транзит тээвэр болон олон улсын авто замын транзитыг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцсон. Түүнээс гадна иргэний нисэхийн чиглэлээр хамтарч ажиллах асуудал яригдлаа. Цаашид Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын 1949 оны гэрээ хэлэлцээрийг өөрсдийн эрх хэмжээний дагуу цаашид нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцсон. 
 
Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр УБТЗ-ын хөгжил, модернизацийн чиглэлээр байгуулсан стратегийн түншлэлийн санамж бичгийн чиглэлээр Оросын болон Монголын ажлын хэсгийг томиллоо. Түүнээс гадна ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахтай холбогдуулан дээрх яригдсан асуудлуудаар гэрээ хэлцэл байгуулах бэлтгэл ажлыг хангах  ажлын хэсгийн томилсон. Уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хооронд тээврийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсын Зам тээрийн сайд Н.Төмөрхүү, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов нар гарын үсэг зурсан. Уг санамж бичгийг хэрэгжүүлэх үүднээс ЗТЯ болон УБТЗ нийгэмлэгээс ажлын хэсэг гарч ажиллахаар тохиролцсон гэлээ.