УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

ҮСХ: 1.5 САЯАС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 50 МЯНГА ГАРУЙ АЖИЛ ЭРХЛЭГЧ БАЙНА


ҮСХ: 1.5 САЯАС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 50 МЯНГА ГАРУЙ АЖИЛ ЭРХЛЭГЧ БАЙНА

Нийтэлсэн огноо: 2015 оны 09 сарын 28 08:40

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд нэг сая таван зуун мянган төгрөгөөс дээш цалинтай 50 мянга гаруй ажил эрхлэгч байна. Харин 170 гаруй мянган иргэн улсын дунджаас дээгүүр буюу 900 мянгаас дээш төгрөгийн цалин авч байгаа болохыг статистик мэдээллээс харж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэж буй таван хүн тутмын нэг нь дунджаас дээгүүр цалин авч байна. Тухайлбал алт олборлогч "Boroo Gold" компанийн ажилтнуудын дундаж цалин улсын дунджаас хоёр дахин их байгаа аж. Мөн "Transwest Mongolia" компани болон "Эрдэнэт" үйлдвэр дундаж цалингийн үзүүлэлтээрээ "Boroo Gold"-ийн араас бичигдэж, улсдаа тэргүүлж байна. 6000 гаруй ажилтантай "Эрдэнэт" үйлдвэрийн дундаж цалин 1.5 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл Орхон аймагт хөдөлмөр эрхэлж байгаа зургаан хүн тутмын нэг нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаа ажээ. Энэ утгаараа Орхон аймаг дундаж цалингийнхаа хэмжээгээр улсад тэргүүлж байна.Төрийн байгууллагуудаас Иргэний Нисэхийн Ерөнхий газрын Агаарын хөдөлгөөний үйлчилгээний хэлтэс, Дулааны Цахилгаан Станц 4, МИАТ зэрэг Төрийн өмчит компаниуд дундаж цалингийнхаа хэмжээгээр тэргүүлж байгаа юм. Мөн Төрийн өмчит хамтарсан компаниудын дундаж цалин хоёр сая төгрөг, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа юм. Улсын дундаж цалин II улиралд жилийн өмнөхөөс 8.5 хувиар нэмэгдэж, 850 мянган төгрөг болжээ. Үүнд өнгөрсөн оны аравдугаар сард Төрийн зарим байгууллага цалингийн доод жишгийг 15 хувиар нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын орон тооны цомхотгол, ээлжийн амралт зэрэг нь дундаж цалингийн өсөлтөд нөлөөлсөн гэж статистикийн байгууллага үзэж байгаа юм. II улиралд хөдөө аж ахуй, тээвэр агуулах, олон улсын төлөөлөгчийн газраас бусад салбарт ажиллагсадын сарын дундаж цалин 4-40 хүртэлх хувиар нэмэгдсэн аж. Дундаж цалингийн хэмжээ нь буурсан гэж үзэж байгаа тээвэр агуулахын салбарын цалингийн мэдээлэлд IV улирлаас эхлээд өсөлт ажиглагдаж болзошгүй байна. Учир нь энэ сараас эхлэн 17 мянган ажилтантай "Улаанбаатар төмөр зам" ХНН хэмнэлтийн бодлого баримталснаар цалингаа 10 хувиар нэмсэн юм. Гэхдээ Засгийн газраас энэ улиралд Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулж, он дуустал цалин нэмэхгүй байхаар тогтоод байна.

Э.Нарантунгалаг

Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com